Бугантад гал түймэр унтраах сайн дурын анхны бүлэг байгууллаа

Бугантад гал түймэр унтраах сайн дурын анхны бүлэг байгууллаа

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд энэ сарын 22-нд гал түймэр унтраах 20 хүний бүрэлдэхүүнтэй сайн дурын бүлэг байгууллаа. Тосгоны залуусаар уг бүлгийг байгуулж, ой, хээрийн түймэр, ахуйн гал унтраах тактикийн сургалтад хамруулан, иж бүрэн хамгаалах хэрэгслээр хангав. Мөн тус бүлэгт гал унтраах бага оврын авто машин хүлээлгэн өгсөн байна. Тус бүлэг Монгол Улсад байгуулагдсан, онцгой байдлын сайн дурын анхны бүлэг болж байна.

Бугант тосгон Онцгой байдлын хэлтсээс 160 гаруй км, сумын төвөөс 70 км зайтай. Түймэр гарах эрсдэл өндөртэй, битүү ойтой. Сэлэнгийн ойн 1/4 нь энд бий. Монгол оронд ургадаг жодоо, гацуур, хуш, нарс, шинэс зэрэг 5 төрлийн шилмүүст мод бүгд зөвхөн энд байдаг. Эдгээр 5 төрлийн шилмүүст мод тавуулаа ургадаг газар Монголд Бугантаас өөр байдаггүй. Тиймээс Бугант бол байгаль, экологи, танин мэдэхүй талаасаа маш чухал нутаг. Жодоо бол Монгол Улсын “Улаан ном”-нд орсон мод. Тиймээс энэ үнэт ойгоо хамгаалах, түймрээс урьдчилан сэргийлэх, түймэр гарсан тохиолдолд нэн даруй унтраах шаардлагатай байгаа юм.

Гал түймэр унтраах сайн дурын бүлгийг Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төслийн хүрээнд байгуулсан юм. Уг төслийн 3 дахь шатыг Бугантад хэрэгжүүлнэ. Энэ төслийн шугамаар хяналтын цамхаг байрлуулах юм байна. Тус цамхагт камер суурилуулж, тосгоны төвд байрлах хяналтын өрөөтэй холбоно. Хяналтын өрөөнөөс ойг хянах юм. 

Түймэрт өртөж, доройтсон 630 га талбайг энэ төслийн санхүүжилтээр ойжуулахаар төлөвлөжээ. Ойжуулалтад шаардлагатай тарьц бэлтгэх зорилгоор эндхийн 15 га газарт мод үржүүлгийн газар байгуулна. 

Эх сурвалж: https://time.mn/uMb.html