Монголын Байгаль орчин аялал жуулчлалын яам, БНСУ-ын Ойн ерөнхий газар хооронд анх 1998 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан, гарын үсэг зуржээ. Улмаар 2007 онд Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийг эхлүүлсэн. Төслийн зорилго нь Монгол Улсыг цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, шар шороон шуургыг бууруулах, хот суурин газрын ногоон орчныг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах юм.
Өдгөө төслийн гуравдугаар үе шат хэрэгжиж буй бөгөөд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих үүднээс Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор дахь талбайд “Хамтын ойн төгөл” байгуулахыг зорьж байна. Төгөлийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр (2024.05.10) боллоо. Арга хэмжээнд Ойн газрын дарга Б.Оюунсанаа, БНСУ-ын Элчин сайд Чуэ Жин Вон, “Ногоон хэрэм” төслийн захирал И Сон Гил нарын албаны хүмүүс оролцов.
“Хамтын ойн төгөл”-ийг Горхи, Тэрэлжийн БЦГ-ын нийт 12.9 га талбайд байгуулахаар төлөвлөжээ. Талбайд 21 зүйлийн 10 мянган мод тарих зураг төсөл боловсруулсан байна.
Төглийн нээлтийн өдөр гацуур, нарс, шинэс, далан хальс, буйлс, голт бор, монос зэрэг гурван зүйлийн шилмүүс, 6 зүйлийн навчит мод, нийт 221 ширхэг мод тарилаа. Төгөлд иргэд мод тарих боломж нээлттэй бөгөөд арчилгааг гурван жилийн турш “Ногоон хэрэм” төсөл хариуцан ажиллах юм байна. Энэхүү төгөл нь цөлжилт, газрын доройтлыг бууруулахад хувь нэмэр оруулна гэж үзжээ.
Эх сурвалж: Хүссэн хүн бүр очиж мод тарих боломжтой “Хамтын ойн төгөл”-ийг Тэрэлжид нээлээ (gogo.mn)